tab


Дэлхийн хэлбэр хэмжээ

Дэлхийн туйлын радиус нь экваторын радиусаас хэдэн км-ээр бага байна вэ?


Геофизикчдийн тогтоосноор дэлхийн диаметр нь 2 туйлын хооронд 12 715 км, экватораараа түүнээс яльгүй их буюу  12 760 км ажээ. Гэвч туйлын ба экваторын диаметрийн  хоорондонх зөрүү маш бага(45 км) юм.

Манай дэлхий ямар хэлбэртэй вэ?
Хүндийн хүчний нөлөөгөөр дэлхий бөөрөнхий хэлбэртэй болсон боловч бусад хүчнүүд түүний хэлбэрт нөлөө үзүүлжээ. Энэ нь дэлхийн тэнхлэгээ эргэдгээс болж үүсэж буй төвөөс зугатаах хүч ба дэлхийн дотоод гүнд үүсэж буй тектоник хүч юм. Дэлхийн тэнхлэгээ эргэх хурд экватор дээр хамгийн их байдаг болохоор тэнд төвөөс зугатаах хүч мөн их. Үүнээс үүдэн экватораараа арай цүлхэгэр хэлбэртэй болсон байна. Харин туйл дээр эргэлт маш удаан тул туйлаараа шахагдсан байдалтай юм.
Эдгээр шахагдлын хэмжээ өчүүхэн бага учир дэлхийг сансраас харахад бөөрөнхий хэлбэртэй үзэгдэнэ.
Бөмбөрцөг хэлбэрээс ялгагдах 2 дахь зүйл нь түүний гадаргын тэгш бус байдал юм. Дэлхийн гадарга уул, тал, далайн гүн хонхор гээд олон янзын хэлбэртэй.


Манай дэлхийн гадаргуу

Дэлхийн гадаргуу тэгш бус тул геометрийн дүрстэй адилтгах боломжгүй юм.

Дэлхийн хэлбэрийг адилсгах геометрийн ямар ч дүрс байдаггүй болохоор дэлхийг зөвхөн өөртөө тохирсон "дэлхий хэлбэртэй" буюу геоид хэлбэртэй гэж үздэг байна. Энэхүү нэр томьёог 1873 онд Германы эрдэмтэн И.Листинг доторхойлжээ.

Эратосфены хэмжилт



Одоогоос бараг 22 зууны өмнө дэлхийг тойрон аялахгүйгээр хэмжээг нь бодож гаргасан түүх үлджээ. НТӨ 200 онд Грекийн эрдэмтэн Эратосфен Киренский анх дэлхийн хэмжээг бодсон юм. Тэрээр 6 сарын 22-нд Египетийн Сиен (Асуан) хотод нар гүн худгийн ёроолыг гэрэлтүүлж байхад Александр хотод сүүдэр үүсгэж байгааг ажиглажээ. Энд нарны тусгал 7,20-аар хазгай тусаж байсан нь тойргийн 1/50 тэй тэнцүү байв. Энэхүү өнцөгт тулсан нумын урт буюу 2 хотын хоорондох зайг хэмжин дэлхийн тойргийн уртыг 250000 стадий гэж гаргасан нь үнэнд маш ойртсон хэмжээ байсан гэж үздэг.


------------------------------------------------------------------------
Батчулуун.Е, Навчаа Т, Уранчимэг Г, Хадбаатар С, Юмчмаа Г,  “ ГАЗАРЗҮЙ VI” УБ. 2013 х-34

No comments:

Post a Comment