tab


Газарзүйн зургийг ашиглах

Газарзүйн зураг бол танин мэдэхүйн болон мэдээллийн онцгой хэрэгсэл юм. Байгаль, нийгмийн юмс, үзэгдлийн орон зайн тархалт, байршилт, хэр хэмжээ, хөдөлгөөн, хувьсал өөрчлөлт болон харилцан хамаарлын талаар төрөл бүрийн мэдээллийг газарзүйн зураг ашиглан олж мэдхээс гадна тэдгээрээс мэдээллийг боловсруулж, дүгнэлт гаргаж болно. Компьютерийн систем бий болсноор уламжлалт хэвлэмэл газрын зураг цахим хэлбэрт шилжиж байна. Газарзүйн зураг нь мэдээлэл олж авах нэгэн чухал хэрэгсэл бөгөөд түүнийг ашиглах үйл ажиллагаа нь ажиглах, унших, хэмжих, харьцуулах, дүгнэлт гаргах зэрэг олон нийлмэл үйлээс бүтнэ. Газарзүйн зураг ашиглан мэдээлэл авч дүгнэлт гаргахад дараах үе шатыг дамжина.
1.Зургийг ажиглах. Сонгосон зургийн хамарсан нутаг, масштаб, агуулга  (дүрслэгдсэн элементүүд ), таних тэмдэг болон дүрслэлийн арга зэргийг ажиглаж мэднэ. Зургийг ажиглахдаа дараах хэдэн зүйлийг анхаарна. Үүнд:
  • Зургийн гарчиг, агуулга нь судлах зүйлтэй тохирч буй эсэхийг харна. Жишээ нь: Хур тунадасны хуваарилалтын талаар судалх шаардлагатай бол тухайн газрын уур  амьсгалын юмуу эсвэл тунадасны тархалтыг үзүүлсэн зургийг сонгон авна.
  • Зурагт дүрслэгдсэн мэдээлэл хэдэн оных болох, шинэлэг эсэхийг шалгана. Тухайлбал, сүүлийн 5 жилд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн талаар мэдээлэл авах хэрэгтэй бол 2007 оноос өмнөх зураг бидний хүссэн мэдээллийг өгч чадахгүй.
  • Газарзүйн торлол, тусгаг ба гажилтын төрөл, масштаб нь мэдэгдэж буй эсэхийг нягтална. Жишээ нь: Хэрэв зураг дээр талбай хэмжих гэж байгаа бол Меркаторын тусгагаар зурсан зургийг ашиглахад тохиромжгүй. Учир нь Меркаторын цилиндр тусгаг дээр талбайн гажилт хамгийн их байдаг тул бидэнд үнэн мэдээлэл өгч чадахгүй. Түүнчлэн зураг дээр зай хэмжих гэж байгаа бол сонгон авсан зураг аль болох том масштабынх байх шаардлагатай.
2. Зургийг унших. Энэ нь газарзүйн зураг ашиглах хамгийн гол үе шат болно. Таних тэмдэг, бичиглэл нь зургийг унших явцыг хөнгөвчилж, график, зүүлт гэх мэт нэмэлт элементүүд  нь түүний агуулгыг улам дэлгэрэнгүй болгодог. Зарим зурагт гэрэл зураг дагалдсан байх нь ч бий. Зургийг уншихын тулд дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
  • Таних тэмдгийг тайлж уншина. Ингэхдээ байрзүйн ба ерөний газарзүйн зургийн таних тэмдгүүд нь ялгаатай байдгийг санаарай. Жишээ нь: Байрзүйн зурагт голын өргөн, урсгалын хурд, чиглэл, гүүрний хэмжээг ч үзүүлдэг бол ерөнхий газарзүйн зурагт тийм биш.
  • Дүрслэлийн аргатай танилцана. Тухайлбал, хүн амын шилжилтийг хөдөлгөөнт шугамын аргаар, ашигт малтмалыг тэмдгийн аргаар үзүүлдэг. 
  • Диаграмм, хүснэгт, гэрэл зураг зэргээс нэмэлт мэдээлэл авна.
3.Зураг дээр хэмжилт хийх. Газарзүйн зураг дээр дүрслэгдсэн элементүүдийн талаар илүү өргөн мэдээлэл авахын тулд төрөл бүрийн хэмжилт хийнэ. Газарзүйн зургаас юуг олж авах гэж буй зорилгоосоо хамааран хийх хэмжилтүүд нь өөр өөр байж болно.Үүнд:
  • Зай, шугамын урт ба талбайг хэмжих
  •  Газарзүйн солбицол, чиглэл ба өнцгийг тодорхойлох
  • Шаардлагатай үед гадаргын налуу, усны эзлэхүүн гэхчлэн нарийн хэмжилт хийнэ.Жишээ нь: Нуурын усны эзлэхүүнийг олоход ижил гүний шугамаар үзүүлсэн зургийг ашиглах, тариалан эрхлэх, барилга барих бол гадаргын налуугийн өнцгийг хэмжих гэх мэт.
4. Зураг ашиглан график байгуулах. Газарзүйн зургийг ашиглан төрөл бүрийн график, диаграмм, картограмм, картодиаграмм байгуулж, зүсэлт үйлдэж болно. Жишээ нь: “Цэгийн жин”-г ашиглан юмсын нийт тоо хэмжээг гаргаж, түүнийгээ өөр газрынхтай харьцуулан график зохиох боломжтой. График байгуулахын тулд дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
  • Юмс, үзэгдлийн ямар шинжийг үзүүлэх гэж байгаагаас шалтгаалан графикийн төрлийг сонгож, эсвэл хослуулан хэрэглэж болно.
  •  График, зүсэлтийн хэвтээ ба босоо масштабыг зөв сонгоход анхаарна. Тухайлбал, хотгор гүдгэрийн зүсэлт байгуулахад босоо масштабыг хэвтээ масштабаас 10 дахин ба түүнээс ч илүү томоор авах нь тохиромжтой 

5.  Юмс, үзэгдлийн хамаарлыг тодорхойлох. Юмс, үзэгдлийн хамаарлыг судлахдаа хоёр болон түүнээс дээш зургийг тулган харьцуулдаг. Ойн тархалтын шалтгааныг уур амьсгалын зурагтай харьцуулан судлах, замын сүлжээний нягтшил ба гадаргын налууг харьцуулах г.м.
6. Юмс, үзэгдлийн явц, өөрчлөлтийг судлах. Юмс, үзэгдлийн цаг хугацааны өөрчлөлт, хувьслыг газарзүйн зургаас мэдэж болно. Жишээ нь: Африкийн улс төрийн зурагт дэлхийн 2 дайны өмнө ба дараа гарсан өөрчлөлтийг судлахын тулд 2 өөр хугацааны улс төрийн зургийг харьцуулна. Тодорхой нэг газар нутагт гарсан өөрчлөлтийг ч зургийн тусламжтайгаар харьцуулан судалж болно. Жишээ нь: Дэлхийн томоохон усан сангийн нэг болох Арал нуурын талбай багассан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Дараах зургийг ажиглаж Арал нуурын талбай хэр зэрэг эрчимтэй багасаж байгаа талаар үзүүлээрэй. Хэвтээ тэнхлэгийн дагуу цаг хугацааг, босоо тэнхлэгийн  дагуу талбайг авна.
7. Газар орны тодорхойлолт гаргах. Байгаль, нийгмийн юмс, үзэгдлийн холбоо хамаарлыг нэгтгэн, эзэмшсэн мэдлэгээ бататгах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрийн газарзүйн ерөнхий тодорхойлолт гаргадаг. Үүний тулд тухайн нутгийн байгалийн ба нийгэм эдийн засгийн онцлогуудыг судална. Ашиглаж буй зургийн масштаб том, нэмэлт зураг, график, диаграмм сайтай бол төдийчинээ тодорхой зүйлсийг илэрхийлж болдог.

8. Дүгнэлт гаргах. Газарзүйн  зургаас олж авсан бүх мэдээллээ нэгтгэн дүгнэлт гаргахаас гадна урьдчилсан таамаглал дэвшүүлж болно. 

No comments:

Post a Comment